Dec 22, 2010

“Анагаах ухааны танин мэдэхүйн толь” 8000 шахам сэдэв багтаасан

Эрүүл мэндийн портал сайтаас



Бямба, 2009оны 10 сарын 24

Эрүүл аж төрөх ухааныг эрхэмлэдэг хүн бүхэнд зориулсан “Анагаах ухааны танин мэдэхүйн толь” ном саяхан хэвлэгдлээ. Уг толийг хүний их эмч, клиникийн профессор Я.Жамбалдорж бичсэн байна. Номын ерөнхий редактор, академич Н.Баасанжав өмнөтгөлд “Энэхүү толь нь дэлхий нийтийн анагаах ухааны толины хэвшсэн загвар жишигт тулгуурлажээ.

Монгол хэл арвин баялаг хэдий ч шинжлэх ухааны, тэр тусмаа анагаах ухааны олон нэр томъёог гадаад хэллэгээр нь эмч, эмнэлгийн ажилтнууд хэрэглэж хэвшсэн, эмнэлгийн шинжлэх ухааны нэрээр нь хэлэхэд ойлгомжтой байдаг хэдий ч эх хэлний дүйх үг хэллэг, гадаад хэлнийх нь нэр томъёог цөөнгүй тохиолдолд давхар тайлбарлан бичсэнээрээ уг ном ихээхэн онцлог юм. Анагаах ухааныг гүнзгий судлахыг хүссэн эмч, оюутан, сурагчдын ширээний ном болно гэдэгт найдаж байна. Мөн анагаах ухааны талаар танин мэдэхийг хүссэн хүн бүхэнд хэрэгцээтэй ном болсныг дурдъя” хэмээн үгэн хадаг өргөжээ.

Зохиогч анагаахын шинжлэх ухааны доктор Б.Дагданбазартай хамт­ран сал­барынхаа эрдэмтэн мэргэд, гавьяа­туу­дын намтрыг эмхтгэсэн бол, анагаахын шинжлэх ухааны академич Д.Амгаланбаатартай хамтран хүний биеийн бүтэц, анатомийн сэдвээр бичжээ. Уламжлалт анагаах ухааны мэргэд, эм тан жорын тухай хэсгийг анагаахын шинжлэх ухааны академич Ш.Болд бичсэн байна. Дээрх эрдэмтдээс гадна анагаахын шинжлэх ухааны доктор Ц.Мухар редакцийн зөвлөлд багтжээ.

“Анагаах ухааны танин мэдэхүйн толь”-д анагаахын шинжлэх ухааны сэдэв, эрдэмтэн мэргэд, гавьяатнуудын намтар, эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэрс, эмийн ургамал, өргөн хэрэглээний эм, уламжлалт эмийн жор, рашаан ус, эмчилгээний шаврын орд, анагаах ухааны сургуулиуд, улсын болон аймгуудын эмнэлгийн түүхэн товчоон, тус улсад шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн, анагаах ухааны нээлт хийсэн Зөвлөлтийн болон дэлхийн эмч нарын намтар гээд нийт 8000 шахам сэдэв багтжээ. Түүнчлэн эмийн ургамал, арьс, салстын тууралтат эмгэг, өнгөний өвчин, хөлдөлт, түлэгдэлт зэрэг эмгэгийн 250 орчим өнгөт зураг, 500 гаруй хар цагаан зураг орсон байна.
“Анагаах ухааны танин мэдэхүйн толь” номын зохиогч Я.Жамбалдорж эмчтэй ярилцлаа.

-Өргөн хүрээг хамарсан нэлээд томоохон бүтээл болжээ. Танд юуны өмнө баяр хүргэе. Анагаах ухааны салбарын толь өмнө нь гарч байсан болов уу?
-Баярлалаа, урмын үг хайрласанд. Монгол хэлээр гарсан анагаах ухааны олон арван ном бий. Гэхдээ цар хүрээгээрээ үүн шиг ном байхгүй.

-“Анагаах ухааны танин мэдэхүйн толь” бичих санаа хэрхэн төрсөн бэ?
-Нэвтэрхий толь, лавлах, үнэн бодит явдал, суут хүмүүсийн тухай болон түүхийн, шинжлэх ухааны танин мэдэхүйн номыг би илүү унших дуртай. Бидний үеийнхэн ном их уншдаг, хэрэгтэй гэсэн номын цуглуулгатай байлаа шүү дээ. Ядарсан цагтаа дуртай номоо сугалж аваад амарч хэвтэнгээ уншихад нэг л мэдэхэд бухимдал арилчихсан сайхан байдаг юм.

-Таны ном анагаах ухааны толь уу, эсвэл нэвтэрхий толь уу?
-Товч нэвтэрхий толины загвараар бичсэн ном. Гэхдээ нэвтэрхий толь нэг хүний бүтээл хэлбэрээр гарах боломжгүй. Тэгээд л танин мэдэхүйн толь гэж нэрлэсэн. Эрүүл мэндийн тухай сонирхсон зүйлээ хэн нэгэн эмчээс асуух, эсвэл цаанаас нь асар үнэтэй хийсэн гэх зарлагын падаантай сурталчилгааны хуудсыг хямгадах хоёр ялгаатай. Толиноос хүссэн зүйлээ үсгийн дарааллаар, толь ашигладаг журмаар олж үзэх боломжтой.

Анагаах ухааны мэдээллийн лавлах 1908, яаралтай тусламжийн 103 дугаарын утсаар ихэвчлэн залуус эрүүл мэндтэй холбоотой зүйлээ асуудаг юм. Ийм хэрэгцээг мэдэрч энэ бүтээлээ бичсэн. Гараа эсгэчихээд түргэн тусламж дуудсан хүнд “Эмчийг очтол өөртөө ийм арга хэмжээ аваад хүлээнэ үү” гэхэд “Тэр чинь юу гэсэн үг вэ? Та хурдан эмчээ явуулаач” гэдэг. Гэтэл монголчууд эрт үеэс л өөртөө болон өрөөлд эмнэлгийн тусламж үзүүлж чаддаг туршлагатай байсан. Монголын уламжлалт эмнэлгийн тусламжийн арга монгол айл өрхийн арга туршлага дээр тулгуурлаж байсан тухай Италийн жуулчин Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номдоо өгүүлснийг бид мэднэ. Монгол эзэгтэй хүүхэд эх барьж авч чаддаг, хүүхдийн хүйг хайчлах, боохыг мэддэг, энэ тухай бие биедээ хэлж заасан, саахалтынхаа айлын эхнэрийг төрөхөд хүүхдийг нь эх барьж авдаг байсан цаг саяхных. Бас халдвартай, халдваргүй эмгэгийн тухай ч мэддэг байсан. Судас тэмтрэх аргаар хүний биеийн байдлыг мэддэг, хүн нас барсныг гүрээнийх нь судсыг тэмтрээд, цохилт нь зогсож тэмтрэгдэхгүй болохыг "намш нь хаагдлаа" гэж хэлдэг байсан.

Анагаах ухааны мэдээлэл илүү хөгжих тусам бэлэнчлэх хандлагатай болж байна. Мэдээллийг эмчээс хүлээх биш, өөрөө тэр тухай ойлголттой байж, түүндээ уялдуулан эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэх ёстой. Энэ толь хөдөөний айлд нэг байгаад шимтэн уншиж ойлговол сумын эмнэлэг рүү байн байн давхиж мотоциклийнхоо тос шатахууныг үрэх шаардлагагүй болно. Анхан шатны тусламжийг өөртөө болон бусдад үзүүлэх боломжтой. Нийтэд зориулсан гэсний утга нь энэ.

-Таны номонд найдаж, тусламж оройтвол яана?
-Тийм зүйл гарахгүй байх. Харин ч эмнэлгийн тусламжийг эрт авч, олон эмгэгээс өөрийгөө хамгаалж чадна.

-Чухам ямар эмгэгээс сэргийлж чадах бол?
-Ухаарч ойлговол архи, тамхи, мал амьтнаас халддаг өвчин, бэлгийн замын өвчин, гэнэтийн ослын үед үзүүлэх тусламж гээд өргөн баялаг мэдээлэл бий.

-Сумын эмнэлгүүдийн түүхэн товчоо байхгүй юм уу. Мөн хувийн хэвшлийн эмнэлгээс их цөөхөн нь оржээ?
-Тийм ээ. Монголын бүх сумын эмнэлэг үүсэл хөгжлийн түүхтэй ч материал нь олдоогүй. Бичиг явуулж үзсэн л дээ. Наад зах нь эмнэлгийнхээ түүхийг бичээд ирүүлчих эмнэлгийн эрхлэгч олддоггүй юм билээ. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зарим нь л үүсэл хөгжил, үйл ажиллагааныхаа тухай мэдээллийг бидэнд өгсөн.

-Таны номонд хэлмэгдсэн, цаазлуулсан эмч нарын нэрс ч орсон байна. Энэ талаар ярихгүй юу?
-Анагаах ухааны боловсролтой хүн чухам л эрдэнэ болоод байсан тухайн үед Орост Цэргийн эмнэлгийн академи, анагаах ухааны дээд, дунд сургууль төгссөн 10 гаруй эмч цаазлуулсан гэдэг мэдээ бий. Ой хүрээгүй хүүхэдтэй эхийг нөхөртэй нь хамт баривчлан хороосон аймшигтай түүх ч үлджээ. Хэлмэгдлийн шуурганд өртсөн эмч нарын тухай олдсон материалаас тольдоо оруулсан нь төрийн өршөөлийн хуулиас илүүгээр мэргэжил нэгт тэднийхээ гэгээн дүр, өлмий дор нь мэхийн ёсолсон хэрэг гэж бодсон. Энэ хүмүүсийн үр хүүхэд, ач гуч нь үзвэл нэгийг бодох байх. Цаазлуулаагүй ч шийтгүүлж, дараа нь цагаатгагдсан эмч нарын намтар ч багтсан. Үүнээс гадна Монголын анагаах ухааны хөгжилд түүхэн нөлөөтэй хүмүүсийн намтрыг олдсоноор нь л оруулсан. Үүнийг одоо л бичихгүй бол мартагдчих вий гэж бодсоных. “Анагаах ухааны танин мэдэхүйн толь” цаашид шинэ материалаар баяжна. Номонд ороогүй хоцорсон хүмүүсийн материалыг хүлээн авна.

-Энэ таны хэд дэх бүтээл вэ?
-За даа, ном бичих санаа хожуухан төрсөн дөө. Хүн хоолтой байхад өлсөх өдөр бий, дээлтэй байхад даарах өдөр бий гэж боддоггүй. Түүн шиг хараа сайн үед эхэлсэн бол олон бүтээл хийх боломж байж. Түүнээс гадна ардчилал надад ийм боломж олгосныг хэлье. “Эмч иртэл”, гурван удаа нэмж засварлагдан хэвлэгдсэн “Их эмчийн нэн яаралтай тусламжийн лавлах” ном бичсэн. Мөн дэлхийн анагаах ухаанд нээлт хийсэн эмч нарын тухай “Эгэлгүй ачтанууд” номыг ах Я.Дүгэртэй хамтран хэвлүүлсэн.

-Орчин үеийн залуусын дунд интер­нэт байхад номоор яахав гэдэг ойлголт бий болжээ. Та үүнтэй санал нийлэх үү?
- Шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Гар утаснаасаа ч интернэтэд холбогддог боллоо. Цаашдаа машин болгон интернэттэй болох байх. Тэр байтугай бугуйн цаганд ч интернэт суулгах мөч ойрхон иржээ. Энэ бүхэн гайхамшиг. Гэхдээ мэдээллийг техникээс хайж олоход тодорхой цаг хугацаа, нөхцөл шаардана. Ном хэлбэрээр бол арай өөр, хүнд илүү дөхөмтэй, бас тэгээд мөнхийн талтай гэх үү дээ. “Монголын нууц товчоо”-г анх хятад ханз үсгээр бичсэн нь хадгалагдан үлдэж, өнөөдөр бид уг бүтээлээр бахархаж байгаа нь номыг муутуу цаасан дээр бичиж үлдээсний л ач.

-Уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Миний номонд алдаа мадагтай, дутуу зүйл бий нь мэдээж тул санал бодлоо харамгүй хайрлана уу. Уншигчдын санал хүсэлт, зөвлөмж, зэмлэлийг “Ана­гаах ухааны танин мэдэхүйн толь” номыг бүтээхэд дэмжсэн академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнд хүлээн авч, дараагийн бүтээлдээ засварлан оруулах юм. Миний энэ бүтээлийг уншигч олонд хүргэхэд тусалсан, дэмжсэн редакцийн зөвлөл, намайг дэмжсэн бүх хүнд баярласнаа илэрхийлье.

Өнөөдөр Б.Ганхуяг

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...